468x60 Ads

.


Хэрвээ хаалга онгойсон бол...(өгүүллэг)

Хаашаа л харна цэцэгт ногоон тал. Нүд үл гүйцнэ. Тэртээ цаана цав цагаан хаалга. Дөхөх тусам цаашлах. Өөрөө ч мэдэлгүй тэр зүг л алхах. Ихэд ядарч байгаа бололтой хамаг хөлс цувчихсан гэвч үл зогсоно.

Хамгийн хачин нь хөндлөнгөөс өөрийгөө хараад байгаа бололтой. Гэвч надад харагдаж байгаа “би” надаас үл хамааран алхасаар. Хэн нэгэн намайг дуудна. Ер сонсохгүй байгаа бололтой. Эргэж үл харна. Яваад л, яваад л байх юм. Тэгж байж нэг юм хаалган дээр ирэн бариулыг нь доош даран орох гэтэл хэн нэгэн угзчин байж сэрээхүй эмч залуу инээмсэглэн:
-За бүсгүй минь амьдралд тавтай морил гэв.
Хагалгаа дуусчээ. Наркоз гарсан нь энэ байж. Зүүд мэт санагдсан энэ байдлыг бяцхан гайхсан хэдий ч тэгэсгээд мартаж орхиж.
Хэдэн жилийн дараа дахиад л хагалгаанд орох болов. Өнөөх цагаан хаалга олон жилийн өмнө байсан тэр л хэвээрээ. Энэ удаад нэг их зовоосонгүй явж очтол байрнаасаа хөндийрөлгүй хүлээж байв. Бариулаас нь барин орох гэтэл онгойж өгсөнгүй. Хамаг хүчээ шавхан хаалгыг онгойлгох гэж оролдох хоорондхэн нэгэн намайг дуудсаар. Юун эргэж харах, уур ч хүрч байна гэжжигтэйхэн.
Гэнэт хаалганд цоож байгааг анзааран хаа нэгтэй түлхүүр байгаа гэж бодон эргэн тойроноо хартал хажууханд нь гялалзсан мөнгөлөг оосортой түлхүүр хэвтэж байв. Ихэд баярлан түлхүүрийг аван эргэдэх гэтэл хэн нэгэн ихэд гомдсон байдалтай бас их ууртайгаар нэрээр минь хашгичан дуудав. Сандарсандаа түлхүүрээ доош алдан эргэж харахуй… би хагалгааны дараах сэхээний өрөөнд нөхөр маань гарыг минь зөөлөн атган сууж байлаа.
-Чи минь их олон хоног ухаангүй байлаа. Өнөөдөр л ухаан орохгүй бол өнгөрнө гэж ээжийн очсон лам хэлээд. Би чамайг үхэх юм бол хэзээ ч уучлахгүй гэж өөртөө тангараг тавиад сууж байлаа. Хайрдаа баярлалаа…гээд ханийн минь нүдэнд нулимс цийлэгнэн байв.

Хэрвээ би тэр хаалгаар орсон бол…..

0 сэтгэгдэл:

Post a Comment