Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу
Дөрвөн жил их сургуулийн замд
Тохиролцсон юм шиг урд хойноо сүлжилдсэн
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн залуу чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дараа нь чи хичээлээ нөхөхдөө л ядардаг л биз
Дасал болсон дүрийг чинь харахгүй байх надад түүнээс хэцүү
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас
Даарах хүйтэнгүүд ч яарч явдаг түргэн алхаа
Зөрөн өнгөрөх охидыг ажигладаггүй хатуухан төрх
Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний анхны хайр
Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
Сүүлчийн хонх оюутны самбарт жингэнэхэд
Сүүлийн удаа би чиний өмнүүр өнгөрсөн
Тийм ээ, чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.
Зохиолч Хулан
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу(шүлэг)
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment