Хайрын тэнгэр дор
Хайрын тэнгэр дор чамтайгаа би хоёулахнаа
Харцны чинь ялдам, дууны чинь уярамд сэтгэл минь хөдөлж сууна
Хамаг бүхнээс тэртээ холд одсон мэт
Хоёрхон биений жаргалд умбан ташуурна
Хэлж ярих намуухан гэнэн үгс чинь
Хөгжмийн яруу эгшгээр хачирлан уянгалах мэт
Хүү миний гэгээн сонор зүрхэнд
Хайрын дуу болон үүрд мөнхрөн хоногших юм
Дөлгөөнөөр ширтэх янагийн цайлган харц чинь
Дээгүүр минь гэрэлтэх од мэт гялалзан гэгээрч
Дөмөгхөн биений минь эмзэгхэн төдий хэсэгт
Дурлалын илч болон халуун дөлөөр төөнөх юм
Цэгээхэн хөрстэй булбрайхан зөөлөн биеийг чинь
Цээжин биендээ энхрийлэн тэврэх сайхан
Цалман гараар туяхан бэлхүүсийг чинь орооход
Цусан хөөрөл, сэрэл бүхий л биеийг минь цочооно
Мөнгөн сар гэрэлтэх шөнийн аниргүй ертөнцөд
Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд
Миний хүслийн тэнгэр “чиний”-хээ булбарай уруулыг
Мянгантаа шимэн озовч ханахыг үл мэднэ би
Эрхэс тэнгэртээ саран ододтой ярилцана
Эгэлхэн амьдралдаа чи бид хоёр, бие биенээ хүсэлцэнэ
Энэхэн эгшин зуурын хүслийн их далай дээр
Эргэх эх хорвоогийн хайрын тэнгэр гийгүүлнэ.
Чамайгаа тэврэн зогсоно би
Хүрэшгүй огторгуйн гүн дэх одод мичдийг ширтэн
Хэмжээлшгүй агуу хайрын бурамын жаргалыг амтлан
Салгуун амьдралын нугачаан дахь энэхэн мөчид догдлон
Сартай шөнийн тэнгэр дор чамайгаа тэврэн зогсоно би
Зүүдний дунд хүсэгдэх гоо төрсөн чамтайгаа
Зүрх сэтгэлээр холбогдон зөн билгээр учирна би
Хязгааргүй хүсэл минь биелэн тэнгэрийн умдаг атгаад
Хайр ивээх наран дор чамайгаа тэврэн зогсоно би
Орчлон хорвоогийн хөрсөн дээр ганцхан заяат чинийхээ
Онгон танхил биеийг чинь элгэндээ тэврэн энхрийлнэ
Хархан үсийг чинь илбэн, энэрэнгүй халамжаа хайрлаад
Хүсэл хяслын амьдралд жаргал амсан зогсоно би
Хасын хөөрхөн царайг чинь хайрын мэлмийгээр ширтээд
Харцанд чинь буй жаргалыг сэтгэлийн гүнээс мэдэрнэ
Үүрд хамтыг мөрөөдөн, цээжиндээ аяар татаад
Үлэмж хайрт чинийхээ илчийг чинь мэдрэн зогсоно би
Хүний сайхан үр хосгүй амраг хайрт минь
Хүслийг минь булаан шингээсэн ялдам зант хонгор минь
Амьдралын харгуйд учран жаргалын үүдийг нээсэн
Ариун бүхний шигтгээ чамдаа би хайртай.
Хайрын 4мөрт цуврал 7
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment