“Би төрсөн өдрөөрөө Ундраагаа гэртээ авчраад барбины палааж өмсгөж байгаад хуримаа хийнэ ээ” Хүү маань ингэж хэлсэн. Тэр одоо таван нас зургаан сартай. Гэхдээ ингэж хайр зарлаж байхдаа тэр дөрөвтэй байсан юм. “Ундраа гэж хэн юм?” гэж бид түүнээс асуулаа.
“Манай ангид хоёр Ундраа байдаг. Нэг нь шар, нөгөөдөх нь хар үстэй. Хар үстэй Ундраа миний найз. Тэр хөөрхөн” Хэрэгт дурлан маргааш нь цэцэрлэгт нь очиж Ундрааг нь хартал тайрмал хар үстэй, булцгар цагаан охин байлаа. Хүү маань ганц чихэр олдсон ч “Ундраатайгаа хувааж иднэ” гэдэг боллоо. “Ундраа надтай муудчихсан” гээд заримдаа хачин гунигтай ирнэ. “Сайндчихсаан” гээд инээд алдана. Хүүгийн минь бяцхан зүрхэнд тэр нэг энхрийхэн охин хаана нь ч юм бэ үүрээ зассан шувуу шиг суужээ. Тэгж явсаар цэцэрлэг амарлаа.
“Манай ангид хоёр Ундраа байдаг. Нэг нь шар, нөгөөдөх нь хар үстэй. Хар үстэй Ундраа миний найз. Тэр хөөрхөн” Хэрэгт дурлан маргааш нь цэцэрлэгт нь очиж Ундрааг нь хартал тайрмал хар үстэй, булцгар цагаан охин байлаа. Хүү маань ганц чихэр олдсон ч “Ундраатайгаа хувааж иднэ” гэдэг боллоо. “Ундраа надтай муудчихсан” гээд заримдаа хачин гунигтай ирнэ. “Сайндчихсаан” гээд инээд алдана. Хүүгийн минь бяцхан зүрхэнд тэр нэг энхрийхэн охин хаана нь ч юм бэ үүрээ зассан шувуу шиг суужээ. Тэгж явсаар цэцэрлэг амарлаа.
“Ээж ээ, Ундраа цэцэрлэгтээ ирээгүй” Есдүгээр сарын 1-нд гэртээ хүү маань урамгүйхэн ирлээ. “Өөр цэцэрлэгт орчихсон гэж багш хэлсэн” хэмээн араас нь дуу муутайхан нэмж хэлэв. Уйдах завгүй өдөржин тоглодог байсан хүү маань зуны гурван сар Ундраагаа санаж байжээ. Байсхийгээд “Ундраа яагаад өөр цэцэрлэгт явсан юм бол?” гэж асууна. Намар өнгөрч, өвөл боллоо. Байн байн өнөө нэхэл хатуутай асуулт хүүгийн маань амнаас гарна. Удалгүй цэцэрлэгийнх нь таван жилийн ой болов. Баярт нь уригдан, багш нартай нь хууч хөөрөн, хүүхдүүдийнхээ хөгтэй явдлын тухай ярилцан инээлдэн оройжингоо хөгжилдөв.
Хүүгийнхээ хайрын түүхийг ярьтал багш нар дуугаа хураачихлаа. Хажууд минь суусан эмч багш “Хөөрхий тэр охин аав, ээжтэйгээ хөдөө явж байгаад осолд ороод өнгөрчихсөн шүү дээ” гэж хэлэв. Тэр уйлж байлаа. Зүрхийг минь зүсээд хаячих шиг л болов. Өөр цэцэрлэгт ороогүй, өнгөрчихсөн юм байж. Хүүгийн минь бяцхан зүрхэнд энхрийхэн төрхөө үлдээчихээд тэр охин яваад өгчихөж. Тэр өдөр гэрт маань гуниг дүүрэн өнжлөө. Өөр цэцэрлэгт яагаад орсныг нь бодоод бодоод олохгүй яваа муу хүүгээ хачин ихээр өрөвдөв.
Хэдхэн хоногийн өмнө ажлаар гадагшаа яваад ирэхдээ нөхөр маань охиндоо ганган ээмэгнүүд авчирлаа. Гартаа шинэ машин барьсан хүү маань эгчийнхээ гоёлыг үзэлцэн хошуу дүрж сууна. Буйдан дээр зэрэгцэж суучихаад толгойгоо нийлүүлэн сонжино. Нэг ээмгийг хоёулаа дуу алдан шохоорхов. Хос ээмэгний нэг нь цэцэг барьсан хүү, нөгөө нь хөөрхөн охин байх юм. “Энэ чинь та хоёр юм уу даа?” гэтэл “Үгүй ээ, Ундраа бид хоёр” гэх нь тэр. Инээмсэглэл минь салхинд хөөгдсөн үүл шиг арилж, нулимс урсаад ирлээ. Одоо хүртэл санасаар.
Энэ амьдралд дөрөвхөн жил болчихоод явахдаа тэр жаахан охин өөдөсхөн хүүгийн маань зүрхэнд нандин мэдрэмж үлдээгээд явчихаж. Тийм нандин хайрын эзнийг нь өнгөрчихсөн гэж хүүдээ хэлэхээс би айдаг. Өөр цэцэрлэгт орсон, тэгээд өөр сургуульд орно. Өөр юуг ч хэлж чадахгүй.
Эрээн алаг даашинз, ууттай бэлэг, хүүхдийн парктай баярын өдөр энхрийхэн тэр охиныг өөрийн эрхгүй дурслаа. Хорвоод зуурын төдий ирээд хайранд умбаж яваад тэнгэрт ниссэн Ундраадаа хүүхдийн баярын мэнд хүргэе. Чамайг энхрийлэн илбэж байсан тэр их хайрын чинь нэг хэлтэрхий миний хүүгийн зүрхэнд байсан юм шүү. Одоо ч байгаа. Том болохоор нь би түүнд чиний тухай ярьж өгнө өө.
Б.Цацрал
3 сэтгэгдэл:
Yoo ooriin erhgui nulims urschihlaa
Turuu ahiinhaa duu n heterhii yumaa tee
waaaaaaaaaaaaaa ymar orovdoltein be agaa iiiiiiiiiiiii
юун хөөрхөн юм бэ гэхдээ өрөвдөлтэй юмаа хүн уйлуулчих юмаа.
Post a Comment