468x60 Ads

.


Этгээд сонин хүмүүс


Ертөнцийн сонин хачныг дуулгадаг буландаа дэлхийн хамгийн этгээд сонин бие, эрхтэнтэй хүмүүсийг танилцуулж байна.

Дэлхийн нарийн бэлхүүстэй хүн


Энэ бол засвартай зураг биш юм. Катие Жунг гэдэг энэ эмэгтэйн бэлхүүсний тойрог ердөө 38 см бөгөөд тэрбээр элсэн цаг шиг харагддаг байна. Катие Жунгийн энэ өвөрмөц төрхийг 2007 онд Гиннессийн дээд амжилтын ном манай гарагт аж төрж буй хамгийн нарийн бэлхүүстэй хүн гэж бүртгэжээ.

Том гартан



Луи Хуа гэдэг хятад эр макродактили гэдэг тун ховор тохиолддог өвчин тусчээ. Түүнийг 2007 оны долдугаар сард Шанхай хотын эмнэлэгт хэвтэх үед зүүн гарын эрхий хуруу нь 25,4 см, долоовор хуруу нь 30 см хүрч томорчээ. Эмч нар долоон цаг гаруй мэс засал хийж байж залуугийн хурууны хэмжээг багасгахдаа таван килограмм гаруй мах, яс авсан байна.

Урт хэлтэй хүн



Германы сургуулийн сурагч Анника Ирмлер долоон сантиметр урт хэлээрээ Гиннессийн дээд амжилтын эзэн болжээ. 12 настай Анника охин мөхөөлдөсний ёроолд амаа байрлуулж байгаад дээд хэсгийг нь долоож чаддаг байна.

Хамгийн урт хумстай хүн /осолд орох хүртлээ/



Америкийн Юта муж улсын оршин суугч Ли Редмонд 1979 оноос хойш хумсаа ургуулсан байна. Олон жил хумсаа арчилж, урт ургуулсны дүнд түүний хумс 8,65 метр болжээ. Дэлхийн хамгийн урт хумстай хүн цолтой Ли Редмонд 2009 оны хоёрдугаар сард автомашины осолд орсноор олон жил арчилж ургуулсан хумсаа хугалжээ.

Чихний үс нь хамгийн урт хүн



Энэтхэгийн хүнсний ногооны худалдаачин Радхакант Баижпай гэдэг эрийн амьдралын гол зорилго нь чихнийхээ үсээр дэлхийд данстай хүн болох байжээ. Тэрбээр 2003 онд Гиннессийн дээд амжилтын номд нэрээ бичүүлэн мөрөөдлөө биелүүлсэн байна. Энэ үед түүний чихний үсний урт аль хэдийнэ 13,2 см хүрсэн байв. Одоо түүний чихний үс бараг 25 см хүрсэн бөгөөд амжилтаа шинэчлэхээр гиннессийнхэнд хүсэлтээ гаргажээ.

Урт хөлтэй хүн



Оросын Светлана Панкратова Гиннессийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй хэмээн бүртгэгджээ. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр эмэгтэй биш аж. Светланагийн хөл 132 см урт бөгөөд биеийн нийт өндөр нь 196 см гэнэ. Үүнээс гадна энэ эмэгтэйн тавхай маш том аж. Тэрбээр Америкийн гутлын 13 размер, Европын хэмжээгээр 46 размерийн гутал өмсдөг учир өөрт таарсан гутал олоход хүндрэлтэй байдаг гэнэ. Светлана Гиннессийн дээд амжилтын номын 2009 оны хувилбарыг сурталчлах ажлын хүрээнд 2008 онд Лондонд Хятадын жижиг эр Хи Пинпинтэй зураг авахуулж байсныг уншигчид сайн мэдэж байгаа байх.

Дэлхийн урт хамартай хүн



Мехмет Озурек гэдэг турк эр дэлхийн хамгийн урт хамартай хүн юм. 2007 оны зургадугаар сард Гиннессийн амжилтын газрын мэргэжилтнүүд түүний хамрыг хэмжихэд нь 8,8 см урт байжээ. Тэрбээр одоо Туркийн Артвин хотод аж төрж байна.

Хамгийн олон хуруутай хүн



Пранамя Менари, Девендра Харне гэдэг энэтхэг хоёр хүү дэлхийн хамгийн олон хуруутай хүн гэсэн цолыг хамтран эзэмшдэг байна. Энэ хоёр хүү нийтдээ 25 хуруутай /гарын 12 хуруу, хөлийн 13 хуруу/ аж.

Урт хөмсөгтэй хүн



Америкийн Нью-Йорк хотын оршин суугч Франк Амес Саранак гэдэг эрийн хөмсөгний уртыг хэмжихэд 9,6 см байжээ. Тэрбээр Гиннессийн амжилтын номонд 2003 онд нэрээ бичүүлжээ.

Эрүүний хамгийн урт сахалтай эмэгтэй



Америкийн Иллиноис муж улсын оршин суугч Вивиан Вилер гэдэг эмэгтэй эр хүн шиг л сахалтай гэнэ. Түүний эрүүний сахал нь 27,9 см урт байжээ. Вивиан долоон настайгаасаа сахлаа хусч байгаад 1993 оноос хойш эрүүний сахлаа ургуулж байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment