Их сургуулийн нэг ангийг төгссөн залуус цуглаад өвгөн профессортойгоо ирж уулзжээ. Бүгдийнх нь ажил амжилттай, амьдрал давгүй гэдгийг сонсоод багш нь баяртай байлаа. Халуун яриа өрнөсөөр сүүлдээ зав багатай ажлын ачаалал, гэр орны тухай сэдэвт шилжив.
Ажил, амьдралын аль алийг амжуулах гээд чамгүй стресст ордог тухайгаа бүгд гомдоллов. Өвгөн багш гал тогооны өрөө рүүгээ ороод том гүцтэй кофе, баахан аягатай авчирлаа. Шилэн, шаазан, хуванцар, хээтэй, хээгүй, хээнцэр, дэгжин, хэтэрхий энгийн гээд бүгд өөр хоорондоо адилгүй аяганууд. “Аяга аваад кофе хийгээд ууцгаа” хэмээн тэр хэллээ.
Бүгд гартаа нэг нэг аяга кофе барьсны дараа багш ийн хэлэв. “Хэрэв та нар анзаарсан бол аль л өнгө зүстэй, гоё гэсэн аягануудыг та нар сонгож авсан байгаа. Хоосон үлдсэн нь хамгийн энгийн, байдаг л нэг аяганууд. Хамгийн гоё, хамийн сайхан руу тэмүүлдэг нь хүний мөн чанар. Энэ чанар тэгээд та нарын гомдоллоод байгаа тэр зовлон,стрессийн чинь эх үүсвэр” гэлээ.
Тэрбээр цааш үргэлжлүүлэв. “Үнэндээ аяганы хэлбэр кофенд ямар ч амт нэмэхгүй. Илүү үнэтэй юм шиг санагдуулж, заримдаа яг юу ууж байгааг минь нууцалж орхидог. Бидний хүссэн зүйл маань кофе болохоос аяга биш. Гэсэн хэдий ч та нар өөрсдийн мэдэлгүй аяганд илүү ач холбогдол өгсөн байна. Тэгээд өөр өөрийнхөө аягыг дүүргэчихээд бие биенийхийгээ сэмээрхэн сонжиж эхэлсэн. Энэ кофег амьдралтай зүйрлэж болно.
Ажил, мөнгө, албан тушаал бол аяга. Эдгээр зүйлс амьдралыг нүдэнд харагдах, гарт баригдах болгож мэдрүүлэх хэрэгсэл төдий. Гэхдээ аяганы хэлбэр дүрс, чанар чансаа амьдралын мөн чанар, үнэн утгыг хэзээ ч өөрчлөхгүй. Харамсалтай нь бид заримдаа зөвхөн аяганд анхаарлаа хандуулаад кофены амтнаас таашаал авч чаддаггүй.
Хамгийн аз жаргалтай хүмүүст хамгийн гоё, сайхан зүйлс гэж байдаггүй. Харин эргэн тойронд байгаа энгийн жирийн зүйлсийг хамгийн гоё болгон хувиргаж тэд чаддаг. Энгийн, жирийн амьдар. Өгөөмөр, нинжин сэтгэлтэй бай. Өрөөл бусдад халамж, анхаарал тавьж сур”
Өвгөн багш яриагаа дуусгахад өөрсдийнх нь өмнө шинэ амьдрал нээгдсэн мэт залууст санагдлаа.
0 сэтгэгдэл:
Post a Comment